Усны ундарга дээр алт олборлосноос хүн, мал харангадаж байна

36

Улаанбаатар хотоос үүрээр хөдөлж, өдрийн 12:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол багт хүрлээ. Хаврын сүүл, зуны эхэн сар уг нь нялх ногоо хэнзэлж, хүн малын зоо тэнийдэг үе.  Гэвч ногоо хэнзлэх хөрс байтугай улаан элс овоолж, хатаж, шарласан шар өвснөөс өөр ургамалгүй, улаан тоос боссон газар угтав. Салхи зөөлөн сэвэлзэх төдийд шороо бужигнаж, улаан тоос тэнгэрт хадна. Хориодхон жилийн өмнө энэ нутаг уул, ус нь тэгширч, байгалийн сайхан цогцолсон газар байж. Харамсалтай нь, уул уурхай ашиглах лиценз олгож, алт олборлосноос хойш голын ус нь ширгэж, ургамал мод нь хатах болжээ. Уул уурхай олборлолт хэрээс хэтэрч, хүн, мал харангадах аюул нүүрлэсэн төрх биднийг угтсан юм. Учир нь уул, уурхайн компаниуд энэ нутгийн хүн, малын ундны усны гол хэрэгцээг хангадаг томоохон голуудын эхэнд бууж, алт олборлож эхлээд багагүй хугацааг үдэж. Ингээд голын эхийг хааснаар ус ширгэж, хүн мал харангадах аюул нүүрлээд байгаа аж. Нарангийн гол ширгэж, хүн мал ундаалах усгүй улаан элс, нар салхинд халтартсан голын хайрга л үлджээ. Энд 2000-аад оны эхээс алт олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Усны ундарга дээр алт олборлосноор гол ширгэж, голын доод хэсгээр амьдардаг малчид сүүлийн жилүүдэд ундны усгүй болсон гэнэ. Зарим жил улаан хүрэн өнгийн уухад хэцүүхэн ус урсдаг аж.

“НУТГИЙН МИНЬ ИХЭНХ ХЭСЭГ БУЮУ 40-50 КМ ГАЗРЫГ УХЧИХСАН”

Сэлэнгэ аймгийн Баянгол багийн Цахар хэмээх газарт нутагладаг малчин Ж.Жүгдэрнамжил гуайнхаас 30 километр орчмын зайд алтны компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг.
“Халиурсан ногоон талд малаа бэлчээж, ногоо, тариагаа тариалдаг байсан цаг саяхан. Гэтэл одоо ундны усгүй болчихлоо” хэмээн халагласаар малчин өвгөн биднийг угтсан юм. Тэрбээр “Би гурван настайдаа Сэлэнгэ аймгийн Баянгол багийн нутагт ирж, өнөөг хүртэл мал маллаж байна. Одоогоос 70 жилийн өмнө Завхан аймгаас энэ нутагт ирж байлаа. Унасан газар, угаасан уснаас минь өөрцгүй болсон нутагт үр хүүхдээ мал маллах арга ухаанд сурган үеийн үед нутаглаж байна. Манай нутаг Баянгол гэдэг нэр шигээ үнэхээр баялаг нутаг байв. Гэтэл сүүлийн хэдэн жил бороо хур орохоо больж, гол ус татраад, газрын гарцгүй болсон.
Би үүнийг алт олборлох үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэж үзэж байгаа. Одоо нутгийн минь ихэнх хэсэг буюу 40-50 км газрыг нь алт олборлох нэрээр ухчихсан. Харин урд хэсгийнх нь модыг зүүнхараагийнхан огтолж, сүйтгээд дуусаж байна. Хэдхэн жилийн өмнө байгаль орчны улсын байцаагч н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн хүмүүстэй би Рашаантын амны уурхайн үйл ажиллагаатай танилцаж байсан юм. Гэтэл тэр үед цианид натригаар алтаа угааж байсан. Одоо тэрнийх нь хор гарч байх шиг байна. Голын уснаас уусан мал, амьтан хордох тохиолдол олон болсон. Хүмүүсийн биед  сөрөг нөлөө их гарч байгаа гэнэ билээ.
Би цусны шинжилгээ өгөхөд алт олборлодог хүнийхтэй ижил хэмжээний химийн бодис илэрсэн. Тухайн үед эмч  надаас “Та алт олборлож байсан уу” гэж хүртэл асуусан. Гэтэл би алт ухаж байгаагүй, насаараа мал малласан хүн шүү дээ. Тэгэхээр энэ уснаас ууж байгаа бидний бие алт олборлодог хүнийхээс ялгаагүй болчихсон байгаа юм. Одоо газар нутаг минь нүдэн дээр өөрчлөгдөж байна. Манай багийнхан ундны усны гол хэрэгцээгээ Баянголоос хангадаг. Нарангийн гол Уртын булгаас эх авч, Тариатын голд нийлж урсаад, Хараа голд цутгадаг байсан юм. Одоо ямар ч урсацгүй болсон.  Бид худгийн усаар малаа усалж, ундны усныхаа хэрэгцээг хангаж байна” гэв. Гэвч энд худаг, усны хүрэлцээ хангалтгүй. Зарим нь усаа 7-8 км зайнаас зөөж уудаг аж.

АЛТ ОЛБОРЛОГЧИД КАРЬЕРИЙН УСАА НАРАНГИЙН ГОЛ РУУ ЦУТГАДАГ

Баянгол баг нь сумандаа хамгийн олон малчин өрхтэй, малын тоо толгойгоороо тэргүүлдэг гэнэ. Нарангийн голоос Баянголын адаг хүртэл 200 гаруй өрхтэй аж төрдөг. Гэтэл сүүлийн жилүүдэд газрын гарц муудсанаас мал бэлчээргүй болж, тамир тэнхээ нь муудаж, ихээр хорогдох болсон тул малчид малаа цөөлж эхэлжээ. Тэр бүү хэл, малын уушги харлах, үхэх, хээл хаях нь энүүхэнд гэдгийг малчид хэлж байлаа. 
Нутгийн иргэд нэгдэн, хууль зөрчиж алт олборлодог компаниудтай тэмцдэг ч тэдний үг хаданд хашхирахтай адил хэнд ч хүрдэггүй гэнэ. Энэ талаар “Бандихүү” ТББ-ын тэргүүн Д.Буянхишиг “Алт олборлох үйл ажиллагаатай тэмцэх зорилгоор нутгийн иргэд нэгдэж,  2014 онд төрийн бус байгууллага байгуулсан юм. Гол, ус ширгэж байгаа нь компаниудын хууль бус үйл ажиллагаатай шууд холбоотой шүү дээ. Үүнд бид хяналт тавих эрхтэй. Гэтэл биднийг тэд огт оруулдаггүй. Үйл ажиллагаагаа танилцуулдаггүй. Ингээд аргаа барахдаа бид нууцаар үйл ажиллагааг нь тандсан юм.
Хууль зөрчиж, үйл ажиллагаа явуулсан нотлох баримтыг би сум, аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох газарт нь удаа дараа явуулж байсан. Гомдлын дагуу ирж, хяналт шалгалт хийдэг ч тэд “Хууль зөрчөөгүй” гэчихээд яваад өгдөг. Надад тэдний карьерийн усаа Нарангийн гол руу цутгаж байгаа бичлэг хүртэл бий. Дээр нь ямар компани зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, эсэх нь тодорхойгүй. Очих болгонд өөр, өөр нэр хэлнэ. Ингээд уул, усны эхэнд гарчихаад, газрыг нь ухаад байгаа юм. Манай сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчид ч энэ уурхайнууд руу нэвтэрч чаддаггүй. Мэргэжлийн хяналтын шалгалт ордоггүй гэдгийг бидэнд хэлж байсан” хэмээн ярилаа.
Иргэдийн яриаг сонсоод Баянгол багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд руу хөдлөв. Уурхайн нөхцөл байдлыг сурвалжлах сургаар нутгийн малчид тал бүрээс цуглаж, бидэнд газарчилсан юм. Улаан, ногоон өнгөөр ижилссэн уурхайн кэмпүүд харагдах бөгөөд уурхайг тойруулан сараалжин төмрөөр хашаалжээ. Хашааны үүдэнд хүрвэл хамгаалалтынхан биднийг нэвтрүүлсэнгүй. Тэд “Та нарыг дотогш нэвтрүүлэх боломжгүй. Удахгүй манай удирдлагууд ирж та бүхэнтэй уулзана” гэлээ. Биднийг очно гэх мэдээлэл тэдэнд хэдийн хүрсэн нь илт. Одоогийн байдлаар энд “Тайхаржин майнинг”, “Пентатора” зэрэг компани үйл ажиллагаа явуулж байгааг эх сурвалжууд мэдээлэв.

ХҮН, МАЛ ГАТАЛЖ ЧАДАХААРГҮЙ ҮЕРЛЭДЭГ ГОЛЫГ ШИРГЭЭЖЭЭ

Төд удалгүй машинтай хүмүүс ирээд “Тайхаржин майнинг” компанийн төлөөлөл гэдгээ танилцууллаа. Тэд “Гол, ус ширгэсэн нь бидэнд хамааралгүй. Манайх хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин Нарангийн голын эхэнд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг нь  “Пентатора” компани” гэж тайлбарлав. 
“Тайхаржин майнинг” компанийн захирал Н.Өлзийбаяр “Манайх 2017 оноос шороон ордод олборлолт хийсэн. 2045 он хүртэлх ашиглалтын лицензтэй. 2017, 2018 онд олборлолт хийсэн. Одоохондоо олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй, бэлтгэл ажлаа хийж байна. Бид засвар, үйлчилгээ, өмнөх жилийн олборлолтын нөхөн сэргээлтийг хийж байгаа” гэлээ. Гэвч нөхцөл байдалтай танилцахад, Уртын булаг буюу Нарангийн голын усны ай савд багтах булгийн эхэнд тус компани алт олборлож байсан юм. Улмаар Уртын булаг ширгэж, усгүй болсон дүр зураг угтлаа.
Харин компанийн удирдлагын зүгээс “Уртын булаг нь урт нэртэй хуульд хамаарахгүй. Түр урсацтай гол. Бороо хур багатай ийм жилүүдэд энэ гол урсдаггүй. Харин Нарангийн гол урт нэртэй хуульд ордог. Бид энэ голоос 200 метрын зайтай үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэх тайлбарыг өгөв. Харин нутгийн уугуул иргэд “Уртын булаг нь хүн, мал гарч чадахааргүй үерлэдэг, намаг, шалбааг ихтэй, эргээ захлан бургас ургадаг байсан. Гол дагасан бургасан дундаас адуу, мал харагддаггүй. Гэтэл одоо адуу байтугай шоргоолж  харагдахаар хоосон тал болсон” гэлээ.

ГОЛЫН УРСАЦЫГ ХААЖ, ЗАМ ЗАССАН “ПЕНТАТОРА”

Уурхайн компаниуд хоорондоо хэдхэн метрийн зайтай үйл ажиллагаа явуулна. Гэвч хаа сайгүй шороо овоолж хаалт босгон, хамгаалалт гарсан тул уурхай руу нэвтрэх боломжгүй юм. Нутгийн иргэд уурхайн компаниудыг тойрч хамгийн багадаа гурав орчим километр газарт явж, малаа усалдаг гэнэ.  Тэр тусмаа Нарангийн голын хажууханд олборлолт явуулж буй “Пентатора” компани өндөр хамгаалалттай байв. Тэд Нарангийн голын урсацыг нь хааж, зам засжээ. Уурхай руу дөхөж очвол “Security” гэх бичигтэй машин бидний замыг хааж зогслоо. Угтаа бол Нарангийн голоос холгүй урт нэртэй хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан нь энэ компани аж. 
Зам хааж зогссон хамгаалалтын албаныхан машин дотроосоо бичлэг хийж биднийг нэвтрүүлсэнгүй. “Пентатора” компани ойн сан бүхий газраас арваад метр, Нарангийн голоос хэдхэн алхмын зайд үйл ажиллагаа явуулж байлаа. Шарын гол сумын малчин К.Телеген “Би Шарын гол сумын иргэн. Гэхдээ энд нутаглаад 20 гаруй жил болж байна. Уул уурайн олборлолт эхэлснээс хойш гол, ус ширгэсэн. Ингээд нутгийн иргэд удаа дараа холбогдох газруудад хандсан ч нэмэр болоогүй. Дээр нь биднийг хүсэлт гаргавал өөр сумынх гээд хүлээж авдаггүй. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байгууллгад хэд хэдэн удаа хүн ирсэн ч уурхайн үйл ажиллагааг зогсоогоогүй. Биднийг уурхайн орчимд хориотой бүс гээд явуулдаггүй. Орон нутгийн замаар яв гэсэн шаардлага тавьдаг. Манайх уурхайгаас холгүй зусдаг байсан. Энд хүн, мал байх аргагүй болж, өөр газар руу нүүсэн” хэмээн ярилаа. “Пентатора” компани нь өндөр албан тушаалтан бүхий хүний эзэмшлийнх бөгөөд эрх ашгийн зөрчил байж болзошгүй гэх хардлага ч бий. 
Алт олборлож буй эдгээр компаниас гурав орчим километрийн зайд Нарангийн голын ундарга бий. Компаниуд усны урсацыг хааж, голын эхэнд хэд хэдэн нуур үүсгэжээ. Ингэхдээ тэд нутгийн малчдад “Нуур тогтоох нь байгаль орчинд ээлтэй, сайн. Усны нөөц бүрдүүлж байгаа” гэж тайлбарладаг аж. 
Хориодхон жилийн өмнө ой модтой, голын усанд нь загас, жараахай дураараа шумбаж байсан Нарангийн голд энхэл донхол газар, овоолсон шороо л үлджээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр газрын хөрсийг оронгоор нь эргүүлж, юу ч үгүй сэндийлсэн харагдана. Ёстой л дурандаа ургаж байгаа гэлтэй хэдэн нарс, шинэс газраас дөнгөж цухуйж байлаа. Уг нь Сэлэнгэ аймаг газар тариалангийн өлгий нутаг. Алтнаас үнэтэй газар нутаг, өв сан тэнд бий. Ахиад 20 жил газрыг нь ухахад энэ нутагт юу үлдэх бол гэх бодол голыг минь зурна.
ЭХ СУРВАЛЖ: Б.БАДРАЛМАА, ҮНДЭСНИЙ ШУУДАН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
Selengenutag.mn