Д.Баттүвшин: Иргэн, бизнес эрхлэгч, төрийн хяналт гурав хамтдаа байж зөв хяналт бий болно

43



Сэлэнгэ аймгийн МХГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Баттүвшинтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ даргын ажил хаанаас юунаас эхэлж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ ажлыг аваад сар гаруйхан хугацаа өнгөрч байна. Ер нь ямар ч байгууллагын даргаар нь томилогдож байгаа хүн цаашид яг ямар зорилготой, ямар чиглэлтэй ажиллах вэ? Одоо энэ байгууллага ямар байна. Цаашид юунд хүрэх вэ гэсэн тодорхой зорилго тавиад, түүнийгээ албан хаагчиддаа танилцуулж, иргэд, хөдөлмөрчиддөө сурталчилсны үндсэн дээр энэ ажлыг явуулж байх нь зүйтэй юм шиг надад санагддаг.

Өнөөдөр МХГ юу хийдэг вэ гэж хүмүүс асуудаг. Нөгөө л шалгадаг, айлгадаг, хээл хахууль авдаг, иддэг уудаг гэсэн байдлаар хүлээж авдаг. Дээр нь манайх байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд үнэн зөв мэдээлэл тэр бүр өгдөггүйгээс буруу ташаа мэдээлэл, хардалт, сэрдэлт нэлээд байдаг. Иргэд хоолны газарт орж үйлчлүүлэхдээ зарим үед сэжиглэдэг. МХГ нь шалгасан болов уу, яасан бол гэж боддог. Бас барилга, цэцэрлэг байна. Энэ барилга хэзээ нурж унах бол, цэцэрлэгт хүүхдээ өгөхөд яах бол гэж айдаг. Дандаа л айдас хүйдэстэй байдаг. Бүхий л зүйл дээр МХГ-ыг шалгах ёстой гэж үздэг. Мөн дэлгүүрээс орж худалдаа хийхдээ, хүнсний ногоо худалдаж авахдаа, найдвартай болов уу, МХГ шалгасан болов уу, хугацаа энэ тэр нь юу болж байгаа бол гээд л. Бүхий л зүйл дээр айдас байдаг. Иймээс миний хувьд хоёр жилийн хугацаанд “айдасгүй, сэжиггүй, амьдралын төлөөх Сэлэнгэчүүд” гэсэн уриалгыг тавьж хэрэгжүүлэхээр зорьж байна.

Сэлэнгийн иргэн бүрт энэ уриалга хүрч үйлчилж, Сэлэнгийн иргэн бүр айдас хүйдэсгүй үйлчилгээ авч байгаасай гэж. Ийм том зорилгыг өмнөө тавин ажлаа эхлүүлэхээр зорьсон. Би дөнгөж ажлаа аваад иргэдээс судалгаа авсан. Манай байцаагчид янз бүрийн байгууллага дээр очоод шалгадаг. Энэ шалгалтын хойноос судалгаа явуулсан юм. Ерөнхийдөө МХГ-ын үйл ажиллагаа ямар байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөөч ээ гэсэн. Гэтэл нийт судалгаанд хамрагдсан нэгж байгууллага, иргэдийн 76 хувь нь муу, ажлаа сурталчилдаггүй, мөн үйл ажиллагаа нь тодорхой бус гэж дүгнэсэн байсан.

-Дээрх дүгнэлт ямар нэг ажил хийгээч ээ гэсэн сануулга болов уу. Цаашид энэ байгууллагыг удирдан чиглүүлэх хүний хувьд энэ дүгнэлтээс юуг олж харав?

-Ингээд би алба хаагчдаа цуглуулаад хурал хийсэн. Манай байгууллагын ажил үйлсийг түмэн олон ингэж үнэлж байна. Та бүхэн юу бодож байна. Хэрхэн яаж ажиллая гэж бодож байна гэж асуухад хариулт байхгүй байсан. Тэгэхээр нь миний зүгээс “за тэгвэл бид ингэж ажиллана. Айдасгүй, сэжигггүй амьдралын орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүгдээрээ зорин ажиллана. Энэ бол хоёр жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусах ёстой. Тийм учраас та нар энэ зорилго дор хамтарч ажилла гэсэн саналыг тавьсан. Манай байгууллагын ерөнхий уриа бол их урт шүү дээ. Тэрийг маань хүмүүс ойлгодоггүй. Бизнес эрхлэгчдийг дэмжинэ, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ, хуулийн хэрэгжилтийг хангуулна гэх мэт их нүсэр том уриатай байдаг.

Тухайлбал Цагдаагийн байгууллага “Амар тайван амьдралын төлөө” гэсэн маш товч, тодорхой, ойлгомжтой уриатай байдаг. Яг түүн шиг ойлгомжтой уриа тавья гэж бодсон. Мөн байгууллагынхаа дотоод журамд гуравхан зүйлийг шаардаж байгаа. Нэгдүгээрт ур чадвартай ажилла. Ингэхийн тулд байцаагчийнхаа ур чадварыг дээшлүүл. Хоёрдугаарт хандлагаа өөрчил. Шалгалтаар явахдаа ч тэр, дотооддоо ажиллахдаа ч тэр. Зөв хандлагаар, хүнтэй зөв харьцаж шалгалтаа хий. Өөрөөсөө зөв хандлага, эерэг энергитэй ажилла. Гуравдугаарт ёс зүй, авлигагүй бай. Та нар өөрсдөө ёс зүйтэй байж, иргэдийн итгэлийг олно. Энэ гурван зүйлийг л би алба хаагчдаасаа хүсч байгаа. Энэ бол маш том цэнзүүр байх болно. Харин гадаад талдаа бол айдасгүй, сэжиггүй, амьдралын төлөө ажилла гэсэн шаардлагыг тавьж байгаа. Одоо төрийн албан хаагчид сар бүр ажлаа дүгнүүлдэг болсон. Тиймээс энэ гурван зарчим бол ажлын чинь гүйцэтгэлийн төлөвлөгөөний гол үзүүлэлт байх болно гэж хэлсэн. Ямар ч байсан одоогийн нөхцөлд манай байгууллага 76 хувийн муу дүнтэй иргэддээ үнэлүүлчихсэн явж байна. Хоёр жилийн дараа бид эерэг 76 болох зорилт тавьсан. Ямар ч байсан хэрэгжүүлж ажиллана. Залуу хүн зоригоороо давна. Чадах болно гэж бодож байгаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдөр онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа. Энд ямар бэрхшээл байна. Алба хаагчдын ажиллах нөхцөл боломж хангагдаж байна уу?

-Одоогийн хувьд манай аймаг "Ковид-19" цар тахлын эрсдэл өндөртэй бүс нутаг болчихоод байна. Энэ байдлаас л та нар хар. Хилээр хүн орж ирлээ. Хамгийн эхэнд эрсдэлтэй нөхцөлд нүүр тулж байгаа хүн бол мэргэжлийн хяналтын байцаагч. Хамгийн түрүүнд мэндлээд хаанаас ирснийг нь асуугаад асуумж бөглүүлж, ярилцлага хийж байна. Тэгээд энэ эрсдэлтэй сэжигтэй, энэ хүн эрсдэл багатай байна гэдэг ялгалтыг нь хийж байгаа. Эндээс сэжигтэй тусгаарлах хүн байвал ХӨСҮТ рүү, эрсдэл багатай тохиолдлыг тусгаарла гээд явуулж байна. Ингэсний дараа ЗООНОЗ-ынхон ариутгал халдваргүйтэл хийгээд, дараа нь эмнэлгийнхэн авч явж байна. Тэгэхээр хамгийн эрсдэлтэй хүмүүс нь мэргэжлийн хяналтын байцаагч нар байгаа биз. Саяхан УОК-ын баг ирж ажиллахад Б.Ууганбаяр дарга “За мэргэжлийн хяналтын байцаагч нарын ялгалт бол үнэхээрийн сайн байна. Яг л сэжигтэй л гэсэн бол тэндээс яг л ковид илэрч байна. Үнэхээр чадвартай байна” гэж магтаж байсан. Бид өдөр, шөнөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Үүнийгээ иргэдэд зөв харуулж, тайлбарлаж, сурталчилж чадахгүй байна.

-Таны хувьд мэргэжлийн хяналт гэж яг юуг хэлж байна вэ? Мэргэжлийн хяналтын эцсийн зорилго юу вэ? Энэ байгууллага заавал байх ёстой юу. Байхгүй бол яах бол?

-Эцсийн үр дүнд хяналт шалгалт гэдэг маань иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг шүү дээ. Хэрвээ мэргэжлийн хяналт байхгүй гэж төсөөлөх юм бол ямар байх уу. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүн, барилга байгууламж ямар байх уу. Энэ зам талбай ямар байх вэ гэж нэг талдаа бодож үзэх хэрэгтэй. Мэргэжлийн хяналт байгаа тулдаа эдгээр зүйл чинь стандартын балансаа хаана ч хадгалж, бариад явж байгаа. Байхгүй бол нөгөө сургууль, цэцэрлэгүүд замаа алдсан юм болно. Юун эрүүл ахуй, хүүхэд сурах орчин нөхцөл. Ярих юм байхгүй болно. Стандарт бүрдэхгүй. Иймээс энэ мэргэжлийн хяналт гэдэг чинь маш хэрэгтэй байгууллага юм шүү гэдгийг иргэдэд маш сайн ойлгуулж, сурталчлах, зөв эерэг мэдээллээр хангаж байх ёстой. Цагдаа бидэнд ямар хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Түүн лугаа адил Мэргэжлийн хяналт маш их хэрэгтэй гэдгийг мэдрүүлж ажиллах ёстой гэж би бодож байна. Бид өдөр, шөнөгүй иргэдийнхээ эрүүл аюулгүй орчны төлөө ажиллаж байгаа. Гэвч манайд хэвлэл мэдээллийн том алба байдаггүйгээс хийсэн ажлаа иргэдэд хүргэж, ойлгуулж чаддаггүй болов уу. Цагдаагийн байгууллага бол хэвлэл мэдээллийн том албатай байдаг. Иймээс бид өөрсдөө ажлаа сайн зөв талаас нь иргэдэд ойлгуулж, хүргэж байх ёстой.

-Өнөөдөр ямар орон тоотой ажиллаж байна. Хүний нөөцийн хүрэлцээ хангамж хэр байна. Зарим мэргэжлийн байцаагчийн хомсдол байгаа гэж сонссон. Тэднийг тогтвор суурьшилтай ажиллах талаар санал бодол юу байна?

-Манайх өнөөдөр яг 46 хүний орон тоотой ажиллаж байна. Аймгийнхаа 17 суманд нэг нэг байгаль орчны улсын байцаагч ажилладаг. Эдгээр хүмүүс аймгийн МХГ-аас эрхээ авч ажилладаг. Мөн авто тээврийн байцаагч бас ажиллаж байна. Гэхдээ яг улсын байцаагчийн орон тоо бүрэн хангагдан ажиллаж чадахгүй байна. Энэ бол хүний нөөц дутагдалтай гэсэн үг. Ажлын байр зарлаад л байдаг. Орж ирдэггүй. Манай мэргэжлийн хяналтын байгууллагын хамгийн гол үндэс суурь бол эрүүл ахуй байдаг. Гэтэл өнөөдөр энэ чиглэлийн мэргэжилтэн олдохгүй болсон. Нөгөө хувийн компаниуд чинь өндөр цалин, хангамж амлаад аваад явчихдаг. Тэгэхээр хүмүүс амьдралын төлөө төрийн алба руу орохоо больчихоод байна. Цалингаа голж байна, нөхцөл байдлаа голж байна. Өдөр, шөнөгүй ажиллаж байгаа мөртлөө цалин маш муу. Ийм нөхцөлтэй учраас иргэд орж ирэхгүй байна. Хүнсний технологич байна. Мөн дутагдалтай. Хүний нөөцийн дутагдал бол маш том асуудал. Үүнийг л цэгцлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Би өөрөө залуу хүнийхээ хувьд аль болох эдгээр асуудлыг цэгцлэх юмсан л гэж харж явдаг. Би хоёр том зорилтыг өөртөө дэвшүүлээд алба хаагчиддаа сануулаад байгаа. Юу вэ гэхээр нэгдүгээрт хүнсний чиглэлээ сайжруулах. Хоёрдугаарт байгаль орчин, уул уурхайн асуудал. Үүнийг мөн хоёр жилийн хугацаанд сайжруулна гэсэн том зорилго тавьж байгаа. Хүнс бол маш чухал асуудал. Энгийн жишээ байна. Дэлгүүр дүүрэн амттан байна. Бид хүүхдүүддээ хамаа замбараагүй нэхэх бүрт нь авч өгдөг. Тэр бол нэг ёсондоо хор. Хугацаа дууссан дуусаагүй, химийн найрлагатай зүйлүүд байдаг. Бид ирэх 9-р сарын 1-нээс сургуулийн орчинд худалдаа хийдэг асуудалд маш нарийн анхаарч цэгцлэн ажиллана. Мөн нэг удаагийн хүнсний бүтээгдэхүүнүүд зардаг. Хүүхдүүд аваад иддэг. Хэн ч хяналт тавьдаггүй. Бид өөрсдөө хүүхдүүддээ өөрийн гараар хор авч өгдөг.

-Уул уурхайн асуудал маш их маргаантай байдаг. Энэ тал дээр мэргэжлийн хяналт ажиллахгүй байгаа талаар иргэд олонтаа ярьдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэн ажиллах вэ?

-Манай иргэд бүхий л асуудлаа мэргэжлийн хяналтад даатгаад орхидог. Энэ бол маш буруу. Иргэд өөрсдөө хяналт тавьдаг байх ёстой. Иргэдийн хяналт бол үнэхээр маш чухал. Дэлгүүрт ороод бүтээгдэхүүн худалдаж авахдаа хугацаа дууссан үгүйг ерөөсөө шалгаж авдаггүй. Шууд л авчихдаг. Гэртээ хариад задалж идэж барьсныхаа дараа гэнэт хардаг юм шиг байгаа юм. Тэгээд л хугацаа дууссан байна. Мэргэжлийн хяналт гээд бөөн юм болдог. Иймд иргэдийн өөрсдийн хяналт, төрийн хяналттай зэрэгцээд хамт явж байх хэрэгтэй. Манай байгууллагын зүгээс 3, 4, 5-р сард нэгдсэн төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт шалгалтыг бүх сумандаа хийдэг. Мөн 9 дүгээр сард нөгөө хийсэн шалгалтынхаа гүйцэтгэлийг шалгахаар гүйцэтгэлийн нэгдсэн шалгалтыг хийдэг. Ингэж жилдээ хоёр удаа маш том шалгалтыг уул уурхайн чиглэлээр явуулдаг. Энэ дээр иргэдийг татан оруулж, хамтарч ажиллана.  Иргэдийг манай ажлыг ямар байна, хэрхэн шалгалтыг хийдэг юм байна гэдгийг үзэж хараад, эргээд ард түмэндээ сурталчилж өг гэдэг байдлаар бүх шалгалтад оролцуулна. Үүгээр дамжуулж, иргэдийг өөрсдөө сайн дураараа ирж, мэргэжлийн хяналтын шалгалтад хамт оролцооч гэж урьж байна. Бид иргэдэд нээлттэй ажиллах болно. Иргэдийн хяналт, төрийн хяналт хоёр хамтдаа явж байж, энэ хяналт шалгалтын ажил зөв голдрилдоо орно. Нэг талдаа бизнес эрхлэгчид хариуцлагатай бай, нөгөө талдаа иргэд мөн хариуцлагатай хяналттай бай. Тэр хоёр хамтдаа нийлээд манайд бас хяналтаа тавь. Ийм гурвалжин систем л байна уу гэхээс дөрвөлжин болж булан буланд очоод ийш тийшээ харж болмооргүй байна. Иргэн, бизнес эрхлэгч, төрийн хяналт гурав чинь л яг нэг тойрог дотор хамтдаа байж гэмээнэ зөв хяналт бий болно. Ийм л зүйлийг хэрэгжүүлнэ гэж бодоод явж байна.

-Ер нь залуу хүний хувьд үйл ажиллагаанаас гадна ямар шинэлэг зүйлийг хийж хэрэгжүүлэхээр сэтгэж байна. Сүүлийн үед залуу дарга нар нэлээд гарах болж. Мэдээж залуучуудаас шинэлэг өөрчлөлт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа. Залуучууд манлайлагч байж, улс орноо хөгжүүлнэ хэмээн итгэл өгч удирдах албанд томилж байгаа болов уу?

-Одоо манай төрийн байгууллагад шинэлэг зүйлүүдийг хэрэгжүүлэх болсон гэж би боддог. Дарга гэхээрээ л хүнийг загнадаг, ширээний ард суудаг байдлыг болих хэрэгтэй. Тийм системд манай хүмүүс их дасчихсан байна. Загнуулах үүрэгтэй, дарга юу гэж хэлнэ, түүнийг дагадаг. Өөрсдөө сэтгэж хийдэггүй. Даргын амыг л хараад явж байдаг. Энэ байдлаасаа салах цаг болсон гэж би залуу хүний нүдээр харж, бодож, сэтгэж явдаг. Би алба хаагчдаасаа хийх ажлынхаа ямар нэг шийдлийг олж хараад, санал солилцох гэж орж ирж байгаарай. Яах уу даргаа гэж, надаас асууж ажил хийх гэж байгаа бол битгий орж ирж байгаарай гэж хэлж байгаа. Та нар мэргэжлийн хүмүүс. Та нар намайг мэдээллээр хангах ёстой. Би мэргэжлийн хүн биш. Иймээс та нар даргын ам хэзээ ч битгий хар. Өөрийн хийх ажлынхаа шийдлийг хэдэн янзаар нь олж хараад, зөвхөн надаас чиглэл авахаар л ажилла гэж шаардаж байна. Одоо манайхан даргаа нэг ийм санаа байна. Ямар байна гэж орж ирдэг болсон. Маш сайн. Нөгөө талаас энэ бол алба хаагч нээлттэй байхад нөлөөлж байгаа зүйл. Дарга бол загнадаг хүн биш шүү дээ. Маш нээлттэй ярилцаж, зөвлөлдөж, алба хаагчидтайгаа хамтрагч байх ёстой. Одоо бол 2000 оноос хойших зэт үеийнхэн гарч ирж байна шүү дээ. Тэд бол маш чөлөөтэй, дэлхийг харж сэтгэдэг хүмүүс. Тиймээс тэдэнд урам өгч ажиллахгүй бол болохгүй. Бид шиг жалга довоо бодож сэтгэхгүй. Алсыг томоор харж сэтгэж бодож явдаг хүмүүс. Болохгүй бол шууд хаяад явах хэмжээний сэтгэхүйтэй. Өөрийнхөө боломжийг мэддэг. Надад өшөө боломж байна. Би түүнийгээ ашиглаад явж чадна гэсэн тийм сэтгэхүйтэй иргэд одоо түрэн орж ирж байна. Иймээс ийм хүмүүстэй харьцах хандлагаа хүртэл бодож, нийцүүлэх шаардлага гарч ирж байна. Харин тэдэнтэй яаж хэрхэн ажиллах арга ухаанаа олох хэрэгтэй. Тэдний далайцтай том сэтгэн бодож буй чадамжийг ашиглаад хэрхэн ажиллах аргаа удирдлага хүн өөрөө бодох ёстой. Тэгэхгүй бол тэд хэцүү. Нөгөө талаас соц нийгмийн суурь хүмүүжлээр хүмүүжсэн хэсэг иргэд байгаа. Тэд маань залуу үеэ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Нэг ийм зөрчил одоо нийгэмд яг үүсээд байна. Үүнийг халах өөрчлөх ёстой. Тэр үеийн хүмүүс загнуулах гээд, ажлаа тэгж хий ингэ гэж хэлүүлэх гээд хүлээгээд байдаг. Энд хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналт бол мэргэжлийн байж, байцаагчид маань чадвартай байх ёстой. Эрсдэлээ олж харж, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж, мэргэжлийн хүний нүдээр холыг харж, сэтгэж ажиллах болно. Тухайлбал плитан шалтай сургууль, байгууллагууд сүүлийн үед их болсон. Энэ бол маш том эрсдэл. Хүүхдүүд, хүмүүс хальтирч унаж, гэмтэж бэртэж байна. Үүнийг мэргэжлийн хяналт, мэргэжлийн байцаагч хянаж, шалгаад зогсоох ёстой. Энэ чинь эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж чадахгүй байна шүү дээ. Наад зах нь энэ эрсдэлийг засах хэрэгтэй. Ядаж л дээр нь юм наах ч юмуу. Бас шилэн хаалгыг очиж мөргөдөг. Мөн сургуулийн гадаа машин байрлуулах орчныг байгуулах ёстой. Сургууль тарах үеэр хүүхдүүдээ авах эцэг, эхийн бөөгнөрөл үүсдэг. Машин ухрахдаа хүүхэд дайрсан гэмт хэрэг хүртэл гарсан байгаа. Энэ том эрсдэлүүдийг зогсоох нь мэргэжлийн хяналтын үүрэг.

-Мэргэжлийн хяналтын байцаагч нартай холбоотой санал гомдол хэр ирж байна. Хүмүүс ярихдаа их хэцүү. Авлига нэхээд ажил хийлгэдэггүй. Жаахан юмаар шантаажлаад гэдэг. Энэ асуудал танай дээр байна уу?

-Иргэдээс манай байцаагч нарын талаар гомдол ирдэг. Авлигын ямар нэгэн хэрэгтэй холбогдсон бол би эвлэрэхгүй, хамтарч ажиллахгүй гэдгээ хэлж байгаа. Хүмүүс нотлох баримтгүй гомдол мэдээллийг ирүүлдэг. Үнэхээр манай байцаагч нэг ч хуушуур, юу ч байсан авсан л бол нотлох баримттай нь ирж хэлэх ёстой. Би ч эд нартаа их сануулж байгаа. Би дээр хэлсэн. Нөгөө хийж буй ажлаа зөв мэдрүүлж, сайн сурталчилж өгч чаддаггүйгээс буруу ташаа мэдээлэл байгаад байна гэж. Иймээс бид ажлаа маш эерэг талаас нь иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Бид ингэж ажиллана.  

-Хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл боломжийг хэрхэн яаж бүрдүүлэх  вэ. Өөрт тань бодож санасан зүйл юу байна?

-Манай МХГ бусад төрийн байгууллагын адил ТЗ-гээр цалинждаг. Маш их ажилтай байдаг. Би өөрөө боддог юм. Манайх төрийн тусгай алба хаагч болчоосой гэж. Тэгвэл нэмэгдлүүд нь хүртэл өөр болоод ирнэ. Ажиллах хүмүүсийн сонирхол хүртэл өөрчлөгдөнө. Залуучууд орон нутагт ирээд ажиллахад хамгийн гол юм чинь орон байрны асуудал байдаг. Энэ шалтгаанаас үүдээд хүмүүс ирж ажиллахгүй байна.

Нэгд цалин, хоёрт орон сууц. Энэ хоёрыг шийдээд өгвөл болно. Харин саяхан нээлтээ хийсэн аймгаас зохион байгуулж байгаа төрийн албан хаагчдад зориулсан байр маш сайхан зөв асуудал болсон. Энд манайхаас таван хүн орсон. Цаашид үүнийг улам сайн хэрэгжүүлмээр л байна. Цалинг нь төрийн тусгай болгож байж, мэргэжлийн хяналтад хүн ажиллах болно. Одоо бол манайд нэмэгдэл илүү цаг байхгүй. Нийгмийн баталгааг хангах чиглэлээр ажиллах боломж байхгүй. Төсөвтөө л баригдаад явж байгаа.

-Цаашид төлөвлөсөн ямар ажил байна?

-Манай мэргэжлийн хяналтын газраас эрсдэл багатай байгууллага гэсэн карт өгдөг болохоор зорьж байна. Энд бүх үйлчилгээний байгууллагуудаа хамруулна. Ажил үйлсээр нь шалгаруулж ийм карт олгодог болно. Ногоон карттай байгууллага бол ажил үйлсээрээ сайн, бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанартай, найдвартай гэсний баталгаа болж буй юм. Иймээс бусад байгууллагадаа нөлөөлж чадна. Ногоон картныхаа үнэлгээгээр үйлчлүүлэгчээ ч татаж чадна шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn