СЭЛЭНГЭ: Т.Пүрэвсүрэн: Хотынхоо хөгжил, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийг зорьж байна

91

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Засаг дарга асан Т.Гантулга ажлаа хүлээлгэн өгч, түүний залгамж халааг Т.Пүрэвсүрэн хэмээх залуу хүлээн авсан. Шинэхэн Засаг даргатай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө таньд Сүхбаатар сумын Засаг дарга гэсэн хариуцлагатай албан тушаалыг хаших болсонд баяр хүргэж, амжилт хүсье. Шинэ дарга ажлаа хаанаас юунаас эхлэв дээ?

-Би Сүхбаатар сумын Засаг даргын ажлыг аваад 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. Ажлаа эхлэхдээ суманд тулгамдаж байгаа хэд хэдэн ажил руу зэрэг орсон. Нэн түрүүнд манай суманд хог хаягдлын менежмент маш хүнд байсан. Сүхбаатар сумын хэмжээнд тархсан хог маш их байлаа. Ингээд бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг удаа дараа зохион байгуулсны үр дүнд төвлөрсөн хогийн цэгээс бусад талбайн тархалтын хогийг бүрэн авч чадсан. Мөн энэ үед мод тарих цаг үе байсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүх нийтээр мод тарих хөдөлгөөнийг өрнүүлсэн. “Цэмцгэр Сүхбаатарчууд-ногоон хотын төлөө хамтдаа” уриан дор 2 сарын аяныг иргэд, ААНБ, төр төсвийн байгууллагуудын дунд зохион байгуулсан. Ингээд сумынхаа баяр наадмын үйл ажиллагаан дээр сайн оролцсон иргэд, ААНБ-уудаа шагнаж урамшуулсан байгаа.

-Сүхбаатар сумын хувьд бас онцлогтой юм шиг санагддаг. Аймгийн төв гэсэн утгаар аймгийн нөлөөнд та бүхний хийсэн ажил дарагдах, сум хөгжихгүй байна, сумын удирдлагууд ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэлийг байнга дагуулсаар ирсэн. Энэ шүүмжлэлээс гарахын тулд цаашид юу хийхээр төлөвлөв. Шинэ удирдлагын зүгээс бодож төлөвлөж буй зүйл юу байна?
-Сүхбаатар сумын хөгжил удаан явж байгаатай би өөрөө санал нийлдэг. Энэ ажлыг аваад 3 сарын хугацаанд томоохон томоохон үйл ажиллагаануудыг аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэ хугацаанд улсын чанартай спортын тэмцээн уралдаан маш олон болсон. Тухайлбал волейбол, марофан гүйлтийн тэмцээн, гамшгийн бэлэн байдлын сургуулилт аймгийн хэмжээнд боллоо. Мөн хамгийн талархууштай юм бол 6-р сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулсан Монгол-Оросын бизнес форум буюу үзэсгэлэн яармаг худалдааг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд манай сум аймгийн ЗДТГ-тайгаа нягт хамтран ажилласан. Энэхүү яармаг худалдаа болсноор манай 20 бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгчид, нутгийн брэнд зардаг үйлдвэрлэгчид оролцож 3 хоногийн дотор 22 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилттай байгаа. Мөн манай 8 хоол үйлдвэрлэлийн байгууллагууд явуулын үйлчилгээг талбай дээр гарч үзүүлэн 10, 10 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ яармаг худалдаанд оролцохоор ОХУ-ын БНБуриад улсаас 150 гаруй төлөөлөгч, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймаг, манай Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоноос иргэд маань ирж оролцсон. Нийтдээ 10 мянга гаруй хүн худалдааны үеэр талбайн үйлчилгээнд хамрагдсан гэсэн тоо байгаа. Энэ үеэр манай сумын зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг газрууд үйлчлүүлэгчдээр дүүрсэн. Хоол үйлдвэрлэлийн байгууллагууд бас битүү байсан. Ингээд нийтдээ эдийн засгийн урсгал 60-70 сая төгрөгийн орлогыг аймагтаа төвлөрүүлж чадсан. Иймээс ийм арга хэмжээг жилдээ 2-оос доошгүй удаа зохион байгуулж чадвал сум орон нутгийн эдийн засаг өөрөө тэлэх боломж харагдаж байгаа юм.

-Тэгэхээр төвлөрийг сумандаа бий болгож, эдийн засгийн эргэлтийг татаж, сумандаа орлого төвлөрүүлэх нь маш чухал гэж та үзэж байгаа юм байна?
-Яг тийм. Сумын эдийн засаг нийгмийг хэрхэн хөгжүүлэх вэ гэхээр. Ер нь төвлөрлийг  бий болгож байж, эдийн засаг тэлнэ гэж би үздэг. Иймээс аймгийн төв Сүхбаатар суманд их сургуулийн харъяа салбар сургуулийг оруулж ирэх, залуучуудыг орон нутагтаа ажиллах ажлын байрыг бий болгож, үйлдвэрлэлийг бий болгох чиглэлд нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр сум орон нутгийн хүн амын төвлөрөл ихсэнэ. Ингэснээр эдийн засгийн урсгал сайжирч хөгжил нэмэгдэх болно. Тэгэхээр цаашид бид үйлдвэрлэлийг хэрхэн яаж бий болгох вэ. Зөвхөн төр төсвийн байгууллага гэж харахаасаа илүүтэйгээр гадаад улстайгаа хамтын ажиллагаагаа сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлийн ажлуудыг хийх нь зүйтэй гэж миний хувьд боддог.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар ажил арга хэмжээ зохион байгуулах гэж буйгаа сонирхуулж болох уу?
-Унгар улсын элчин сайд ДР.Обрушанскийн Борбала Анна болон түүний ажлын албатай ажил хэргийн уулзалт хийсэн. Энэхүү уулзалтыг хийхэд УИХ-ын гишүүн Ч.Ундрам маш их хүч өгч, дэмжиж 4 удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд хамтын ажиллагааны төлөвлөгөөг урьдчилсан байдлаар гаргаж ажилласан. Унгар улс Монгол Улс тэр дундаа Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хоттой түүхэн харилцаатай юм билээ. Яагаад гэвэл Унгар улсын эмч Радноти Рот Андор /Radnoti-Rot Andor/ 1920-иод оны эхээр нийслэл хүрээнд ирж, Монголын хүн ам болон цэргүүдэд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын эмчээр ажиллаж байсан. Түүний Монголд авсан тухайн үеийн 66 гэрэл зураг, баримт бичвэрүүд Унгарын үндэсний музейд одоо болтол хадгалагдаж байдаг юм байна. Сүхбаатар сумын зүгээс их жанжныг эмчилж байсан их эмчийн нэрэмжит гудамжыг тохижуулах хүсэлтэй байгаагаа элчин сайдад илэрхийлсэн.  Радноти  гэдэг эмч манай Д.Сүхбаатар жанжины эмчээр 6 жил ажилласан байдаг. Тэгэхээр бид энэ талаар хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр Радноти эмчийн гудамжийг бий болгох боломжийг санал болгосон. Үүнийг элчин сайд маш баяртайгаар хүлээж авсан. Орон нутгийн зүгээс гудамж бий болгох талбайгаар нь хангаад өгье. Харин Унгар улсын талаас орчин үеийн шийдэл бүхий гудамжийг би болгох. Ийм зүйл дээр харилцан хамтран ажиллахыг урьдчилсан байдлаар тохирсон байгаа. Мөн Унгар улсад мангалика гэдэг гахай байдаг. Энэ гахай нь гахайн өвчин тусдаггүй, мах нь маш амттай, махны чиглэлийн гахай юм байна. Энэ бол монгол шиг эрс тэс, ширүүн уур амьсгалтай нөхцөлд нутагшуулахад тохирох учраас сонирхолтой байсан. Энэ 2022 онд 1000 гахайг монголд оруулж ирж нутагшуулах зорилт тавьсан гэсэн. Тэгэхээр бид дор хаяж 500 гахайг нь Сэлэнгэ аймгийнхаа бүс нутагт байлгах нь зүйтэй гэдэг үүднээс ярьж байгаа. Учир нь манайд гахай үржүүлэх бүхий л нөхцөл боломж нь үүссэн. Тухайлбал эрс тэс уур амьсгалтай, дээр нь будааны нөөцтэй. Мөн гахайн аж ахуй эрхэлж байсан туршлагатай ажиллах хүчин байна. Бүх материаллаг бааз нь байгаа учир үүнийг манай Сэлэнгэ аймагт нутагшуулах нь зүйтэй юмаа гэдэг тал дээр Засаг даргын зүгээс санал тавьсан байгаа. Мөн боловсролын чиглэлээр Ч.Ундрам гишүүн нэлээд түлхүү анхаарч байгаа. Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг оюутан залуучууддаа олгох чиглэлээр ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Түүнчлэн жимс жимсгэний плантацыг бий болгож, хүлэмжийн аж ахуйг сайжруулах чиглэлээр бид хамтран ажиллахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа. Мөн био бордооны үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр нягт хамтран ажиллая гэдэг саналыг тавиад харилцан судалгааны ажил дээрээ явж байгаа.
Мөн манай Сүхбаатар хот БНСУ-ын Чинсон хоттой, БНХАУ-ын Ухань хоттой гадаад хамтын ажиллагаатай байдаг. Мөн ОХУ-ын БНБУ-ын Гусьены озер, Сэлэнгийн районтой хамтран ажилладаг. Энэ хамтын ажиллагаа маань ковидын улмаас нэлээд хугацаагаар тасарсан байсан. Харин саяны үзэсгэлэн яармаг хамтын ажиллагааны хүрээнд БНБуриад улсын Сэлэнгийн районы удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан зарим ажлуудаа дахин сэргээж, шинэчилсэн санамж бичгүүдийг үйлдэж чадсанаараа бид гадаад харилцаагаа тэлсэн. Цаашид бид Унгар улстай болон ОХУ болон бүхий л холбогдож болох улс оронтой хамтран ажиллаж, зөвхөн төсвийн мөнгийг хараад байхгүйгээр асуудлуудаа шийднэ гэж бодож байгаа.

-Сүхбаатар сумын зарим багуудад маш олон жил болсон /балгас/ барилгуудыг буулгаж цэгцэлсэн байгаа. Эдгээр цэвэрлэгдэж, суларсан газруудад ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Сүхбаатар сумын ИТХ-аар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр оруулсан. Үүнийг онцолж хэлье. Бид Сүхбаатар сумын 7-р багт олон жил байрласан балгас байрыг нурааж цэвэрлэсэн. Тэнд иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх үүднээс иргэд биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэг нийтийн эзэмшлийн тохижилттой талбайг бий болгохоор 60 сая төгрөгийг тусгуулсан. Мөн бидний 60 айл гэж ярьдаг газарт хуучин тохижилт үйлчилгээний балгас барилгыг нурааж, тэгшилсэн. Энэ газрын асуудлаар аймгийн Засаг даргатай санал солилцсон. Аймгийн дарга болохоор энэ талбай дээр 2 блок 5 давхар барилга барих боломжтой юм байна. Дунд нь хүүхдийн тоглоомын талбай байгуулах бүрэн боломжтой гэж аймгийн дарга харсан байна лээ. Тэгээд танайх энэ балгас барилгаа цэвэрлэчих юм бол би анхаарч ажиллая гэсэн саналыг хэлсэн байгаа. Мөн хуралд оруулсан бас нэг асуудал бол 1-р багт хуримтлагсан 30-40 жилийн түүхтэй хогийн цэгийн талбайг багасгах, болж өгвөл бүрэн дарах төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажилд сумын ИТХ-аас 60 сая төгрөгийг төсөвлөж тавьсан. Энэ ажлыг хийхэд аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын зүгээс уул уурхайн компанитай холбогдож, хүн, техник, машин механизмаар дэмжлэг үзүүлнэ гэсэн сайхан мэдээг өгсөн. Миний хувьд аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ болон холбогдох бүхий л байгууллагуудтайгаа нягт хамтарч ажиллаж, Сүхбаатар хотынхоо хөгжил дэвшил, сумын иргэн бүрийнхээ амьдралыг дээшлүүлэхэд алхам алхамаар урагшилна гэсэн зорилготой явж байна.

-Цахим эрин үед мэргэжлийн эх сурвалжтай мэдээллээс илүүтэй хувь хүний ямарч эх сурвалжгүй мэдээлэлд иргэд итгэх, хууртах явдал ихсэж байна л даа. Сөрөг мэдээлэл давамгайлсан ийм үед бусдыг хэтэрхий шүүмжлэх, нэг талыг барих, хэт туйлшрах үзэгдэл их байх шиг. Та шүүмжлэлийг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Монгол түмэн маань нийгмээ дагаад, нийтээрээ жаахан бухимдалтай байна л даа. Гэсэн ч Сүхбаатар сумын иргэдийн маань дийлэнх нь хийж байгаа ажлыг минь үнэлж, жижигхэн ч гэсэн өөрчлөлт орж, урагшилж байна гэсэн урмын үг хэлдэг. Ганц нэгхэн хүмүүс өдөр бүр баалах явдал байдаг. Ямар шалтгаанаар тэгж байгааг бүү мэд. Би тэр хүмүүст юу ярих вэ. Хийж байгаа ажлууд маань миний өмнөөс хэлээд, тэр хүмүүс болих байхаа гэж би боддог. Миний хувьд төрийн байгууллагад 18 жил ажилласан. Ялангуяа хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт. Ард иргэдийн дунд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд. Нийгмийн эмзэг бүлгийн чиглэлд маш олон жилээр ажилласан. Ажлынхаа хажуугаар ТББ-ыг байгуулан амжилттай явж байгаа хүн. Мөн нутгийн удирдлагын байгууллагад сүүлийн 5 жил ажилласан. Ингээд сум орон нутгийн хувьд тулгамдаж буй бэрхшээл, гарах гарцыг би бүрэн зураглалаар харж байгаа. Ийм учраас энэ төлөвлөгөө, зорилго, зорилтынхоо төлөө тууштай, шантрахгүй явнаа. Өнөөдрийн ганц нэг шүүмжилж байгаа асуудлыг би сургамж гэж ойлгож, алдаа дутагдлаа засаж явна. Алдахгүй хүн гэж байхгүй. Алдаагаа засаж сайжруулаад явахад аяндаа тэр хүмүүс маань ойлгоно гэдэгт итгэж байгаа.    

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn