Сүхбаатар суманд махны үнэ тогтворжлоо

250


Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд сүүлийн үед мах, махан бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн. Энэхүү өсөлт нь цар тахлын нөхцөл байдлын улмаас ажил орлого нь зогссон зарим иргэдийн амьдрал, ахуйд ихээхэн нөлөөлж, бухимдал үүсгэх шалгаан болсоор. Мөн ганцхан махны үнэ гэлтгүй гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч 500-1500 төгрөгөөр нэмэгдсэн.   
Иймээс аймгийн Онцгой комиссоос Сүхбаатар суманд махны үнэ нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгаврыг сумын Онцгой комисст өгчээ. Эл асуудлыг шийдвэрлэхээр Сүхбаатар сумын Онцгой комиссын дарга Т.Гантулга махны худалдаа эрхэлдэг хүмүүсийг шинжилгээнд хамруулан бүх суманд түргэн шуурхай зорчиж, үйл ажиллагаагаа эрхлэх боломжийг нь нээх арга хэмжээг авчээ. Энэ шийдвэр нь махны хомсдол үүсэх, үнийн хөөрөгдөл гаргахаас сэргийлж, махны үнийг тогтвортой барьж, харин ч бууруулж чаджээ.
Нэн түрүүнд Сүхбаатар сумыг тойрсон сумдтай холбоотой ажиллаж, асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэсэн аж. Дээр нь аймгийн ХХААГ, Сүхбаатар сумын ЗДТГ, “Сүхбаатар хөгжил тохижилт” ОНӨААТҮГ-тай хамтран нөөцийн махыг худалдан борлуулах ажлын хэсэг гарган ажилласан байна. Энэ ажлын хүрээнд Орхон аймгаас 9019.5 тонн нөөцийн махыг /хонь/ зөөвөрлөн, сумын ард иргэдэд хямд үнээр нийлүүлэхээр болжээ. Нөөцийн мах худалдан борлуулах 14 дэлгүүрийг баг тус бүрт сонгон шалгаруулж авсан бөгөөд нэг кг махыг 7400 төгрөгөөр худалдан борлуулах гэнэ. Тодруулбал Сүхбаатар сумын 8 багт үйл ажиллагаагаа явуулдаг дараах дэлгүүрүүдэд энэ сарын 28-ны өдрөөс эхлэн худалдах аж. Үүнд:
-Хонгор морьтын 1-р багийн “Идэр”, “Баянхайрхан” дэлгүүр
-Цагаан эргийн 2-р багийн “Бүрэн” маркет
-Салхитын амын 3-р багт “Итгэл”, “Өгөөж” дэлгүүр
-Баянханы 4-р баг “Өнхрүүш”, “Мандах наран” дэлгүүр
-Бор гүвээний 5-р баг “Бөмбөөлэй”, “Орхон”, “Тавин” дэлгүүр
-Ган зам 7-р баг “Баян” маркет
-Буур хээр”-ийн 8-р баг “Сутай”, “Баян зүрх”, “Хүслэн” дэлгүүр ард иргэдэд үйлчлэх юм байна.  
Уг нөөцийн махыг Орхон аймгаас нэг кг-ийг нь 6700 төгрөгөөр үнэлж авчээ. Гэсэн ч татан авалтын болоод дэлгүүрүүдийн үйлчилгээний зардал нэмэгдээд 1 кг махыг 7400 төгрөгөөр худалдах болсон хэмээн Сүхбаатар сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Гантулга хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn